2021 оны 01-р сарын 17, Ням гариг
Хэвлэх

Байгууллагын танилцуулга

1947 онд Налайхын нүүрсний үйлдвэрийн харъяанд Орон сууц барилга засварын хэлтэс нэртэйгээр анх байгуулагдаж, 1963 оноос Нийгэм хангамжийн хэлтэс,  БНМАУлсын СН3-ийн 1973 оны 02 сарын 25-ны 57 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын НАА-н удирдах газрын харъяа Налайх дахь НАА-н товчоо болон өөрчлөгдөж, Налайх хотын хөдөлмөрчид, уурхайчдад үсчин, зурагчин, хот тохижилт, орон сууц, уурын зуухны халаалт, зочид буудал, усан хангамж, барилга, орон сууц, уурын зуух, сантехникийн шугам сүлжээний засвар үйлчилгээг хариуцдаг болсноор одоогийн “Чандмань налайх” ОНӨААТҮГ–ын суурь тавигдсан. БНМАУ-ын  Сайд нарын Зөвлөлийн 1977 оны 327 дугаар тогтоол, НААҮ-ний Яамны сайдын 231 дүгээр тушаалаар Налайх дахь Ахуйн үйлчилгээний комбинат, Нийтийн аж ахуйн товчоо, Ус сувгийн товчоог нэгтгэн Налайх дүүргийн ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад цэвэр ус нийлүүлэх, дулаан хангамжаар  хангах, бохир усыг татан зайлуулах, орон сууцны шугамын засвар, хүн амын ахуйн үйлчилгээ, уурын зуухны халаалтыг хариуцан үйлчлэх болсноор Нийтийн Аж Ахуйн Үйлчилгээний газар, 2001 оноос НӨХГ-ын харъяа “Чандмань Налайх” компани, 2008 оноос “Чандмань налайх” ОНӨААТҮГазар нэртэй болж Налайх хотын 36,3 мянган хүн ам, 2800-гаад өрх, 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллагад ус хангамж, ариутгах татуурга, халаалт, хэрэгцээний халуун усны үйлчилгээг үзүүлж аж ахуйн тооцоон дээр ажиллаж байна.

1976 онд Налайх дүүрэгт ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжаар орчин үеийн инженерийн хийц бүхий 350 айлын орон сууц ашиглалтанд орсонтой холбогдуулж хоногт 1400м3  бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай  механик цэвэрлэгээтэй цэвэрлэх байгууламж, 3000м3 цэвэр ус олборлох хүчин чадалтай нэгдүгээр өргөгчийн 7 гүний худаг, Туул голоос Налайх хүртэл 8 км дамжуулах шугам, 500м3 багтаамжтай 2 усан сан,  цэвэр усны хоёрдугаар өргөгч станц, ДКВР 10/13 маркийн төвлөрсөн уурын зуух зэрэг байгууламжууд ашиглалтад орсноор дүүргийн хүн амын ахуй хангамж, амьдрах орчин нөхцөл эрс сайжирснаар уурхайчдын тохилог хотхон бий болсон билээ.

1988 онд ЗХУ-ын барилгачид 580 айлын орон сууцны хороолол, 1140 хүүхдийн сургууль, 140 хүүхдийн цэцэрлэг, КВТИС 20/150 маркын төвлөрсөн Дулааны станц, дулаан, цэвэр, бохир усны төв шугам, УДДТөв зэргийг барьж ашиглалтад оруулсан. Налайх дүүрэг улам тэлж, хүн амын суурьшил, нягтрал ихсэн манай хамт олны үйлчлэх хүрээ өргөжсөөр байна. Одоогийн байдлаар хувийн хөрөнгө оруулалтаар “Шинэ налайх” , “Содон”, “Ану” хороололууд мөн иргэдийн “ХАУС” байрнууд олноор ашиглалтад орж өргөжин тэлж байна.

“Чандманьналайх” ОНӨААТҮГ  нь Налайх хотын хүн ам, аж  ахуйн нэгжид үйлчилж, жилдээ 1,4-1,5 сая.м3 цэвэр усыг  түгээж,  бохир усыг Улаанбаатар хотын бохир усны шугамын туул-I коллекторт нийлүүлж, дүүргийн төвийн хэсгийн ус дулаан  дамжуулах төвүүдээс холболт авсан орон сууц, аж ахуйн нэгжүүдийн халаалт, хэрэгцээний халуун усны хангамж, жилдээ 40,0 мян.Гкал дулаан үйлдвэрлэн, 5 дугаар хорооны орон сууцны айл өрх,аж ахуйн нэгжид түгээж, 1,2,3,4,5,7 дугаар хороодын гэр хорооллын иргэдэд 50,0мян.м3 усыг ус түгээх байраар борлуулж, иргэд аж ахуйн нэгжийн дуудлагыг 24 цагийн туршид үзүүлж байна. Цаашид цэвэр усны нэрийн эх үүсвэртэй болж, дүүргийн хэрэглэгчдийг хямд үнэтэй усаар үйлчлэх зорилго тавьж ажиллаж байна.